Түүх

Монголд уулын спорт үүсэж хөгжсөний товч түүх (1951-1966 он)

Манай оронд уулын спорт үүсэж хөгжих бүх нөхцөл нь Монгол орны газар зүйн байрлал Ази тивийн уулархаг нутаг учир уулын спортыг төрөл бүр дээр хөгжүүлэх боломж бүрдсэн байдаг. Монголын ард түмэн эрт үеээс мал маллах, ан гөрөө хийх явцдаа өндөр ууланд гардаг байсан нь хөгжиж уулын спорт үүсэж хөгжих үндэс болжээ. Өнгөрсөн зууны дунд үеээс ууланд авиралтыг спортын төрөл рүү оруулах алхам хийгдсэн билээ. Тухайлбал, 1951 онд улс хувьсгалын 30 жилийн ойг угтаж манай залуу тамирчдаас анх удаа санаачлан Хэнтий нурууны ноён оргил Асралт Хайрханд (2800 м) авиралт хийхээр 10 хүн саналаа өгч бэлтгэл сургуулилт хийж байгалийн саад бэрхшээлийг даван туулахаа илэрхийлж хийсэн манай улсын уулчдын анхны багийн бүрэлдэхүүнд Ж.Нямсүрэн (төмөр замын) ахлагчтай Л.Раднаа, Ш.Баасансүрэн, У.Сийлэгдорж (МУИС-ийн оюутан), Хүч нийгэмлэгийн тамирчин Г.Сандагдорж, Д.Нацагдорж, С.Зундуй, Л.Дондог, Х.Радвандорж, Н.Ойдов нар оролцож 1951 оны 6-р сарын 24-нд Асралт Хайрханы оройд гарч Монгол улсынхаа далбааг мандуулсан нь манай улсын уулын спорт үүсэх эх үндэс болсоноос гадна эдгээр зоригтнууд анхны уулчид хэмээн хүндлэгдэх болсон юм. Анхны авиралтаас хойш  дөрвөн жилийн дараа уулын сдортын багаж хэрэгслийг эзэмших дадлага олгох сургуулийг байгуулж Зөвлөлтийн мэргэжилтэн А.Н.Пискарёвын удирдлагаар уулын сдортын онол, дадлага эзэмших сургалтыг явуулж Зөвлөлтийн болон баруун Европын уулчдын авиралтын туршлагаа суралцсан байна.

Манай уулчдын хоёр дахь удаагийн авиралтыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 5-р сарын 9-ний өдрийн 186 дугаар тогтоолоор тамирчдыг бэлдэж Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр (4031 м) ууланд авирч 1955 оны 6-р сарын 1-нд оргилыг эзэлсэн нь цас мөстэй ууланд авирсан анхны авиралт болон уулын спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Энэ авиралтанд 10 хүн оролцож оргилд гарч ялалт байгуулсан юм.

Мөн гуравдахь удаагийн авиралтыг Монгол орны хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богд уулын “Хүйтэн”-ний оргилд 1956 оны 6-р сард авиралт хийж 11 хүн оргилд гарсанаар манай улсын уулын спортын түүхэнд эх орныхоо ноён оргилд гарсан анхны авиралт болсон юм. Энэ авиралтанд оролцсон уулчдаас Б.Жигмэддорж, Р.Зориг, Э…. , Я.Жанцан, Б.Халтар, Ж.Нямсүрэн нар БНМАУ-ын “Уулын спортын мастер” гэсэн энэ өндөр хүндтэй цол хүртсэн нь уулын спорт төдийгүй Монгол улсын спортын мастеруудын анхдагч нар болсон нь бахархалтай үйл явдал болжээ.

Эдгээр авиралтуудаас хойш хөдөө орон нутгуудад уулын спортоор хичээллэх залуусын тоо өссөн байна.

Говь-Алтай аймгийн Сутай (4090 м), Ховдын Цамбагарав (4192 м), Хөвсгөлийн Дэлгэрхаан, Завханы Бага-Отгон, Увсын Түргэний уулсын оргилуудад уулчид амжилттай авирч байв.

Улмаар гадаад орны уулчдын байгууллагатай холбоо тогтоох талаар санаачлага гаргаж байсны үр дүнд СССР-ийн Грузин Тбилис хотын уулчдын клубтэй 1958 онд харилцаа тогтоосон нь уулчдын гадаад арга хэмжээ хөгжихөд нөлөөлсөн гэж үздэг.

Монгол улсад уулын спортын төрөлийн олон нийтийн байгууллага болох Монголын уулчдын холбоог Улсын Биеийн Тамирын Хорооны тэргүүлэгчдийн 1955 оны 5-р сарын 10-ны өдрийн хурлын тогтоолоор байгуулсан нь шинэ тутам хөгжиж байсан спортын төрлүүдээс анхны холбоо болсон түүхтэй. Холбооны даргаар Р.Зориг, Нарийн бичгийн даргаар Л.Раднаа нарыг түр хугацаагаар томилсон байдаг.

Манай уулчдаас спортын мастер Л.Бямбадорж Зөвлөлтөд оюутан байхдаа уулын спортын багш бэлтгэх сургуульд сурч 1961 онд төгссөн нь уулын спортын анхны багш болсон төдийгүй гадаадын өндөр ууланд авирсан анхны уулчин хүн болжээ. Тэрээр Кавказын нурууны салбар уул Уны-Тата 5260 м өндөр оргилд авирсан байна.

Уулын спортын шинэ төрлийг үүсгэж хөгжүүлэх талаар

санаачилсан он жилүүд (1965-1975 он)

Монголын Уулчдын Холбооны зүгээс дээрхи он жилүүдэд өөрийн орны өндөр ууланд авирах, улмаар гадаад орны ууланд авирахын зэрэгцээ тэдгээр улсын уулчдын ур чадвар туршилтаас суралцах, мөн уулын спортын дүү гэж нэрлэгддэг “Ханан хаданд авирах” туршлага судлахаар 1968 онд Спортын мастер Б.Тэнэгшинэн ахлагчтай баг ХБНГУ-д, Спортын мастер Ч.Жанцан ахлагчтай баг 1969 онд Польш улсад тус тус явж ханан хаданд авирах дасгал сургууль хийж ирсэнээр манай улсад ханан хаданд авирах анхны эхлэл болсон гэж үздэг байна. Улмаар 1970 онд ханан хаданд авирагчдын анхны тэмцээн “Хүрэл тогоот”-ын хаданд Улаанбаатар хотын нэрэмжит болон зохиогдож Алдар, Барилгачин, Хоршоолол, Залгамжлагч, Замчин нийгэмлэгийн тамирчид оролцож эрэгтэй тамирчдаас Барилгачин нийгэмлэгийг уулчин Ж.Баянцагаан, эмэгтэйчүүдээс мөн нийгэмлэгийн уулчин Ц.Амаржаргал нар түрүүлж ханан хаданд авиралтын анхны аварга болсон байна. Үүнээс хойш тус тэмцээн жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн билээ. Тухайн жилүүдэд дотоодод зохиогдсон өндөр уулын авиралтуудад оролцох тамирчдын тоо нэмэгдэж уулын спортод дур сонирхолтой залуучуудын эгнээ өргөжсөн юм. Хөдөөгийн залуучуудын Спартикиадын хөтөлбөрийн хүрээнд 1966 онд Отгонтэнгэр ууланд зохиогдсон авиралтанд хот хөдөөгийн 10 гаруй залуучууд оролцсоноос хожимоо спортын мастер болсон Л.Бахтүү (Баянхонгор), А.Баяганат (Баян-Өлгий), Ж.Дрождэрэм (Сэлэнгэ) нарын зэрэг уулчид төрөн гарсан байна.

Барилгачин нийгэмлэгийн дэргэд Уулын спортын байнгын сургалт, дасгалжуулалттай секц (клуб) 1967 онд байгуулагдсан нь уулчдын анхны клуб байсан бөгөөд тус клубын уулчид бие даан өндөр ууланд авирах аялал зохион байгуулж байв. Тус клубын уулчид 1969 оны 2-р сарын эхээр Асралт хайрхан ууланд өвлийн анхны авиралт зохион байгуулж бэлтгэл хийж мөн оны хавар “Монгол-Алтайн хавар 1969” гэсэн авиралтыг Ховд аймгийн Мөнххайрхан (4362 м) ууланд хийсэн нь уулын спортоор нийгэмлэгүүдээс анхны том авиралт болжээ. Мөн оны 6-р сард Алтай Таван Богд ууланд Лениний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдох Лениний оргил (7134 м)-д авирах баг тамирчдын бэлтгэлийг хангах зорилгоор 6 уулчин авирсан нь энэ ууланд авирсан 2 дахь авиралт болсон юм.

Тухайн жилүүдэд уулын спортоор хичээллэгчдийн тоо нэмэгдэж олон авиралт явагддаг болсоны гадна Хөдөлмөр нийгэмлэгийн дэргэд эмэгтэй уулчдын баг байгуулагдаж нилээд эрчимтэй хичээллэсний үр дүнд богино хугацааны дотор эмэгтэй уулчид олноор төрөн гарсан билээ.

Нийгэмлэгийн уулчдаас Альпинадад оролцож уулын спортын арга техник эзэмшиж байв. Монголын уулчид 1977 онд анх удаа бие даасан цугларалт авиралт зохион байгуулсан нь ач холбогдолоо өгсөн үйл явдал байсан билээ.

Уулын спортын хөгжлийн үе шат эхэлсэн он жилүүд (1975-1990 он)

Монголын уулчдын түүхэнд нилээд онцлогтой он жилүүд байв. Гадаад орны 7000 м-ээс дээш оргил Пик Ленин (7134 м)-д Л.Лувсандаш, Р.Занабазар, Коммунизмын оргилд Г.Найдан, Л.Лувсандаш, Р.Цэвээн нар гарч ялалт байгуулсан. Мөн Европ тивийн ноён оргил Эльбруст (5642 м) Монголын уулчид багаараа гарсан. Гадаад орнуудын баг оролцсон Альпинад авиралтыг олон улсдаа амжилттай зохион байгуулсаны гадна Биеийн тамир спортын, аймаг нийслэлийн удирдлагуудаас Хөдөлмөр нийгэмлэгийн Г.Батбаяр, Замчин нийгэмлэгийн Г.Даариймаа, Увсын Р.Эрдэнэсүрэн, Хүчийн Г.Мягмарноров, Ховдын П.Молом, Өмнөговийн А.Оргодол нар уулчин болж авиралт, аялал бүрт оролцож байсан нь уулын спорт хөгжих нэг нөхцөл болсон гэж үздэг. Мөн уулын спортын мастер Д.Чагнаа Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэнээр ажиллаж байх үедээ уулын спортын талаар баримтлах удирдлагын болон арга зүйн зөвлөмж, дүрэм, журам олныг боловсруулж батлуулах мөрдлөг болгосон нь чухал ач холбогдолтой он жил болсон байна.

Тухайн жилүүдэд өөрийн орны болон олон улсын уулчидтай хамтарсан “Альпинад” цугларалт авиралтыг жил бүр зохион байгуулж ирсэн нь уулын спорт хөгжих бас нэг түлхэц болсон билээ.

Уналт, босолтын он жилүүд (1990-2009 он)

Уулчдын хувьд зах зээлийн системд шилжиж байсан он жилүүдэд хүнд үе байсан боловч өөрсдийн зориг тэвчээр, авхаалж самбаагаа дайчлан урьд явагддаг байсан тэмцээн, авиралтууд үргэлжилж ирсэн юм.

Тухайн жилүүдэд гадаад арга хэмжээ өргөжиж Казакстан, ОХУ, Непал зэрэг орнуудын уулчдын байгууллагатай холбоо тогтоон … Гималайн ууланд Монгол хүн хөл тавих анхны алхамыг тавьсан “Алтай” клубын Захирал Спортын гавьяат багш Спортын мастер Р.Зоригт Непалын уулчидтай Казакстан улсын уулчдын байгууллагатай холбооны Ерөнхийлөгч С.Берднгбек, ОХУ-ын уулын холбоотой Д.Чагнаа нар тус тус хэлэлцээр хийж харилцан уулчид солилцох болсон нь манай холбооны гадаад харилцаа өргөжих нөхцөл бүрдсэн юм. Казакстаны Хантэнгэр (7010 м), ОХУ-ын Эльбрус (5642 м), Саян уулсуудад, Гималайн Наянхан (5896 м), Жоанлис (6632 м), Францын Монблан (4807 м), Лениний оргил (7134 м), Африк тивийн ноён оргил Килименжаро (5895 м), Америк тивийн ноён оргил Акангакуа (6962 м) зэрэг оргилуудад Монголын уулчид авирч ялалт байгуулсан байна. Монголын уулчид, аялагчдаас санаачлага гаргаж байгаль эхээ хайрлан хамгаалах талаар олон нийтийг уриалж аялалын явцад мод тарих санаачлага гаргаж олон арван мод тарьсаны гадна Отгонтэнгэр ууланд 1963 онд осолдсон онгоцны үлдэгдлийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж 69 уулчин оролцож 2 өдөр цэвэрлэсэн нь төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыхаа цас мөсийг хайлуулахаас хамгаалсан ач холбогдол бүхий ажил болов.

Ололт амжилтын он жилүүд (2000-2015 он)

Монгол уулчдын гадаадад өндөр ууланд авирах аялал үргэлжилж Казакстаны Тычншаны нурууны … хананд (6218 м) Гималайн уулын салбар Лобуце 6119 м, Мераних (6429 м), мөн Чо-Оюу (8201 м)-т Л.Болдбаатар авирч анхны 8000 м-т гарсан уулчин болсны гадна 2005 онд Эверест (8848 м)-т Г.Өсөхбаяр Непалын талаас, 2006 онд Төвдийн талаас 2 дахь удаагаа тус тус авирч төрийнхөө далбааг мандуулжээ. Мөн жилүүдэд Эверестэд авирах аялал үргэлжилж эмэгтэй уулчид 8700 м-ийн өндөрт гарч чадсан нь манай эмэгтэй уулчдын дээд амжилт болсон. Антарктид тивийн ноён оргил Винсон (4892 м) уулчин Г.Ганхүү хойт мөсөн далайд ОУХМ Г.Өсөхбаяр, ОУХМ Б.Гангаамаа 2011 онд Эверестэд гарсан анхны Монгол эмэгтэй болж хойд Америкийн ноён оргил Макинли (6194 м), Австралийн Косцюшко (2230 м) зэрэг өндөр оргилуудад гарч Монгол уулчны ууланд авирах ур чадварыг харуулсан байна. Манай уулчдаас дэлхийн дээвэр Эверестийг Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Л.Баярсайхан, Б.Цэвээндаш, С.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа нар эзэлж баатарлаг үйлс бүтээсэн байдаг.

Мөн дэлхийн хоёр дахь өндөр оргил К-2 болон Шишипангма зэрэг 8000 м-с дээш оргилуудад амжилттай авирч байв. Сүүлийн жилүүдэд тухайлбал, 1993 оны ханан хаданд авирагчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, спорт авиралт, мөсөн хананд авирагчдын холбоод байгуулагдаж хичээллэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж хот, улсын аварга шалгаруулах тэмцээн, өндөр уулын аварга шалгаруулах тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон явуулж байгаа нь манай улсад уулын спортын төрлүүд хөгжлийхөө эрчимтэй үедээ явж байна гэж үздэг.

Монголын Уулчдын Холбоог 1955 онд “Уулын Холбоо”, 1981 оноос “Монголын Уулчид, Аялагчдын Холбоо”, 1993 оноос “Монголын Уулчдын Холбоо”, 2010 оноос “Монголын Уулчдын Үндэсний Холбоо” гэж нэрлэсэн байдаг.

Үндэсний холбоо дотроо Ханан хаданд авирагчдын, Спорт авиралтын, Мөсөн хананд авирагчдын, Уулын хөтөчдийн холбоодыг нэгтэн удирдлага зохион байгуулалт, арга зүйн туслалцаа үзүүлдэг.

Холбооноос зохион байгуулж байгаа авиралт, уралдаан тэмцээнд манай аймгуудын клуб, холбоод идэвхтэй оролцдог олон уулчидтай болж байгааг “Монголын Уулчдын Үндэсний Холбоо”-ны удирдлага талархаж байдаг. Ялангуяа Орхон, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Өмнөговь, Увс, Завхан зэрэг аймгуудын уулчдын ууланд авирах ур чадвар, дадлага сайжирч зохиогдож байгаа авиралтанд тогтмол оролцож ирсэнийг дурьдах нь зүйтэй байна.

Холбооны удирдах бүрэлдэхүүнийг дүрмийн хүрээнд шинэчилж зохион байгуулсны үр дүнд дотоод ажил тогтмолжиж удирдлагын бичиг баримтуудыг баталж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Холбоонд харьяалагдах клубын тоо нэмэгдэж зохиож байгаа уралдаан тэмцээнд оролцогчдын тоо олширсны гадна шагнал урамшууллын хэмжээ өссөн байна.

Манай зарим уулчид дэлхийн 7 оргилд бүгдэд нь гарсан нь Монголын уулчдын амжилтын баталгаа болж байгаа юм.

Монголын уулчдын 7 тивийн ноён оргилд анх гарсан уулчид

  1. Европ тив – Эльбрус 5642 м – 1987 он
  2. Г.Найдан
  3. Ж.Баянцагаан
  4. Д.Чадраабал
  5. Ш.Нямдаваа
  6. С.Баттөмөр
  7. Р.Эрдэнэсүрэн
  8. Африк тив – Климанжоро 5895 м – 1999 он
  9. Л.Болдбаатар
  10. Америк тив – Аканкагуа 6962 м -2000 он
  11. Л.Болдбаатар
  12. Ази тив – Эверест 8848 м – 2005 онд
  13. Г.Өсөхбаяр
  14. Хойд Америк тив – Макинли 6194 – 2008 он
  15. Г.Өсөхбаяр
  16. Австрали тив – Косцюшко 2230 м – 2009 он
  17. С.Заяа
  18. Х.Сэлэнгэ
  19. П.Сарантуяа
  20. С.Одончимэг
  21. Ч.Тэрбиш
  22. Антарктид тив – Винсон Масиф 5149 м – 2009 он
  23. Г.Ганхүү нар тус тус ялалт байгуулсан байна.