Эрхэм зорилго, Алсын хараа, Стратеги төлөвлөгөө

АЛСЫН ХАРАА:

Дэлхийн уулын спортын хөгжилд хувь нэмэр оруулагч үндэсний холбоо байх.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Уулын спорт, уулын аялал жуулчлалыг ХӨГЖҮҮЛЭХ замаар МОНГОЛ улсыг тив дэлхийд сурталчилна.

Бидний зорилго:

  • Уулын спортын хамрах хүрээг нэмэгдүүлэх, залуу үеийг хөхүүлэн дэмжих сургалтын системтэй болгох замаар мэдлэг, туршлагатай мэргэжлийн спортыг хөгжүүлнэ;
  • Уулын спортын олон улсын стандартыг нэвтрүүлж хөл нийлүүлэн алхана;
  • Дэлхийд чансаатай уралдаан тэмцээнд амжилтаа тогтмол ахиулан оролцоно;
  • Эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах тогтолцоог бий болгоно;
  • Монгол улсад уулын спорт, уулын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлон манлайлагч байна;

Бидний үнэт зүйлс:

  • Байгаль дэлхийгээ хүндлэн хайрлаж, хамгаалах уламжлал,ёс заншил;
  • Ёс зүйтэй, нэгдмэл хүсэл тэмүүлэлтэй хамтын хүч;
  • Эрсдэлгүй, аюулгүй тогтолцоо;

Стратеги зорилтууд

  1. Сайн засаглалыг хөгжүүлэх

Өнөөдрийн холбооны үйл ажиллагаа нь уулын спортын хөгжлийг хөтлөхүйц зөв гольдролтой болгохын тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлснээр сайн засаглалыг бий болгоно:

  • Аливаа төрийн бус байгууллагын оршин тогтнох үндэс нь гишүүнчлэл, санхүүжилт, сайн засаглал, зөв бодлого дөрөвөөс тус тус бүрдэнэ. Тиймээс холбооны гишүүнчлэлийн бүтцийг бий болгоно
  • Холбооны санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлж ажиллана. Тусламж, дэмжлэгийг мөнгөн ба мөнгөн бус эд материалын гэж ангилна. Үүнд:
  • Гишүүдийн татвар;
  • Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийн жилийн санхүүжилтийн дэмжлэг;
  • Сургалт, сурталчилгааны төлбөр;
  • Үйл ажиллагааны ивээн тэтгэгчийн санхүүжилт;
  • Олон улсын хамтын ажиллагаат байгууллага, холбоодын тусламж дэмжлэг.
    • Холбооны ажлын албыг хүчирхэгжүүлж байнгын орон тоотой тогтмол үйл ажиллагаатай, Ерөнхий нарийн бичгийн дор УЗ-өөр баталсан жилийн төсөв төлөвлөгөөний дагуу бүхий л ажлыг бие даан гүйцэтгэх чадвартай болгоно;
    • Удирдах зөвлөлийг нийгэмд нэр нөлөөтэй, мэргэжлийн, тус спортод зүрх сэтгэлээ зориулах этгээдүүдээр бүрдүүлж уулын спортын бүхий л төрлийн төлөөлөлийн жигд оролцоог мөн хангана;
    • Холбооны үйл ажиллагаанд мөрдөгдөх бүхий л дүрэм журам, стандартыг боловсруулан батлуулж нийтээр хэвшүүлж ажиллана;
    • Удирдах зөвлөлийн дор төрөлжсөн хороодыг байгуулж чиглэл чиглэлээр Дэд ерөнхийлөгчөөр удирдуулж хариуцуулан ажиллуулна;
  1. Уулын спортын хөгжилд төрийн оролцоо, дэмжлэгийг бий болгох
  • Аялал жуулчлал, спорт, эрүүл мэнд хариуцсан засгийн газрын яам тамгын газар, бүхий л агентлаг, төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж Төрийн бодлогод Монгол хүний эрүүл байх нэг үндэс болсон уулын спортыг тусгах, дэмжлэгийг тогтмол авах тогтолцоо, харилцааг дээд түвшинд байнга хэрэгжүүлэх;
  • Уулын спортоор дамжуулан аялал жуулчлалын салбарт хувь нэмэр оруулах чиглэлээр дээр дурдсан байгууллагуудтай мөн хамтран ажиллана;
  • Уулын аврах ажиллагааны тогтолцоог Онцгой байдал хариуцсан байгууллагатай хамтран бий болгож хэрэгжүүлнэ.
  1. Уулын холбооны гишүүн холбоо, клубын эрх ашгийг хамгаалах.
    • Холбооны гишүүдийн эрх ашгийг бүхий л түвшинд хамгаалах, тэдний дуу хоолойг нэгтгэх, нийгэмд хүргэх;
    • Уулын спортоор хичээллэх, аялах бүхий л бололцоог бий болгох, үүний эсрэг гаргасан аливаа бодлого, буруу шийдвэрийн эсрэг тууштай тэмцэх;
    • Гадаад хамтын ажиллагаатай холбоодын гишүүд, аялагч жуулчдыг Монгол улсад тав тухтай, аялах бололцоогоор хангах чиглэлд манлайлан оролцоно;
    • Эрсдэлгүй аюулгүй уулын спортыг хөгжүүлэх, гишүүдийн даатгалын тогтолцоог бий болгож эрсдлээс хамгаалах;
    • Гишүүдийн суурь баазыг нэмэгдүүлэх, шинэ гишүүд элсүүлэх, гишүүдийн сэтгэл ханамжид хүрсэн үйлчилгээг үзүүлэх;
    • Гишүүдэд уулын спорт хэрэглэл, аялалын хувцасны брэнд, дэлгүүрүүд болон бусад холбогдох байгууллагуудаас хөнгөлөлт урамшуулал хүртэх нөхцөлийг бүрдүүлнэ;
    • Ууланд авирах эрх зөвшөөрлийг олгодог гол функц субъект болж улмаар ууланд авирах эрсдлийг бууруулна.
  1. Сургалт, сурталчилгааны стратеги зорилтууд
  • Уулын спортыг мэргэжлийн түвшинд хүргэх бүхий л түвшний сургалтын цогц хөтөлбөр, гарын авлага, хичээлүүдийг боловсруулж бий болгоно;
  • Уулын спортын сургагч багш, уулын хөтөч бэлдэх сургалтыг түнш холбоодтой хамтран хэрэгжүүлнэ;
  • Спорт авиралт болон уулын авиралтын аюулгүй ажиллагаа, хариуцлагын тухай сургалтуудыг зохион байгуулна;
  • Монгол улсын уулын спортын мэдээллийн баазыг дараах чиглэлүүдээр бүрдүүлж гишүүдэд тогтмол хүргэж хэвшүүлнэ. Үүнд:
  • Уулын спортын статистик мэдээллийн эмхтгэл
  • Уулын сангийн мэдээлэл буюу Монгол улсад уулын спортын үйл ажиллагаа явуулж болох бүхий л газар орны мэдээллийн бааз
  • Гишүүдийн амжилтын бүртгэл, түүн дээр улбаалсан цол зэрэг олголтын тогтолцоо,
  • Уулын спортын сургалтын гарын авлага, тоног төхөөрөмжийн зөв хэрэглээг дэмжсэн онлайн булан
    • Уулын спортын төрөл бүрийн тэмцээн уралдааныг чанар, хүртээмжийн дээд түвшинд бэлтгэн явуулна;
    • Уулын спортын ач холбогдолын талаар нийгэмд тогтмол сурталчилгаа, мэдээлэл явуулж уг спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлнэ;
    • Уулчдад зориулсан сэтгүүл, онлайн мэдээллийн платформыг бий болгоно;
    • Уулчдын шагналыг бий болгож тодорхой хугацааны давтамжтайгаар шилдэгээ шалгаруулж гишүүдээ урамшуулж идэвхжүүлнэ,
    • Туршлага хуваалцах уулзалт, семинар, зөвлөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлнэ.
  1. Тив, дэлхийн тавцанд үзүүлэх амжилтыг ахиулна,
    • Үндэсний шигшээ багийг бүрдүүлж, санхүүжилт удирдлагаар хангаж ажиллана;
    • Жилийн тэмцээн уралдааны хуваарийг гаргаж мөрдөж ажиллана;
    • Спорт авиралтын дотор хана бусад тоног төхөөрөмжөөр гишүүдийг хангах талаар санаачлагатай ажиллана;
    • Олон улсын туршлага солилцох тэмцээн, уралдаанд жил бүр тогтмол тамирчидаа оруулж ажиллана.

МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО